History

2011-04-12 - Монгол улсын засаг захиргааны нэгж

Засаг захиргааны нэгж

Монгол улс нь засаг захиргааны 21 аймаг, нийслэл хотод хуваагддаг. Аймаг нь дотроо сум, багуудад, хот нь дотроо дүүрэг, хороонд хуваагдана.

Mongolian Aimags, Mongolia.png

Эдийн засаг

Монголын эдийн засаг нь хөдөө аж ахуй ба уул уурхайд тулгуурладаг. Монголд ашигт малтмал элбэг байдаг бөгөөд үйлдвэрлэлд зэс, нүүрс, молибден, цагаантугалга, вольфрам, алтны олборлолт ихэд ач холбогдолтой.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод төвлөрч 30,000 гаруй хувийн бизнес үйл ажиллагаа эрхэлдэг. Харин хотоос гадуурх хүн ам нь мал аж ахуйг (хонины, ямааны, үхрийн, морины, тэмээний аж ахуй) голчлон эрхэлдэг. Газар тариаланд голдуу улаан буудай, арвай, хүнсний ногоо, улаан лооль, тарвас, чацаргана, малын тэжээл ургамал тариалдаг. 2006 онд 1 хүнд оногдох ДНБ нь $2,100 байв[9]. ДНБ нь 2002 оноос хойш тогтвортой өсөж (2006 оны албан ёсны тооцоогоор жилд 7.5%-р) байгаа ч гэсэн том хэмжээний импорт, экспортын тэнцвэргүй байдлыг нөхөж амжаагүй л байна. ОХУ-д өгөх $11 тэрбум долларын өрийг 2004 онд $250 сая доллараар Монголын засгийн газар хэлэлцээрээр төлжээ.

Монголын эдийн засаг хэдийгээр өсөж байгаа ч гэсэн 2006 оны байдлаар хүн амын ядуурлын хэмжээ нь 32.2%[10], ажилгүйдэл ба инфляцийн түвшин нь тус тус 3.3% ба 9.5% байна. Монголын хамгийн гол худалдааны түнш бол Хятад орон байна. 2006 оны байдлаар Монголын нийт экспортын 68.4% нь Хятад руу явсан ба Монголын нийт импортын бүтээгдэхүүний 29.8% нь Хятадынх байлаа.[11]

1991 онд Улаанбаатар хотод байгуулагдсан Монголын хөрөнгийн бирж нь нийт хувьцааны хэмжээгээрээ дэлхийд хамгийн жижигт тооцогддог байна.[12][13]

 Аж үйлдвэр

ДНБ-ий 21.4%-г аж үйлдвэр хангадаг ба хөдөө аж ахуйн салбартай тэнцүүхэн байна (20.4%). Аж үйлдвэрлэлд барилгын материал, уул уурхай (нүүрс, зэс, молибден, хайлуур жонш, цагаан тугалга, вольфрам, алт), газрын тос, хүнс ба ундааны бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулалт, ноолуур, байгалийн нэхмэл үйлдвэрлэл зэрэг орно. Аж үйлдвэрлэлийн өсөлт нь 2002 онд жилд 4.1% байв. Уул уурхайн салбар нь Монголын хамгийн гол чухал аж үйлдвэрлэлийн салбаруудын нэг болж хөгжсөөр байна. Энэ нь Хятад, Орос, Канадын уул уурхайн компаниуд Монголд үйл ажиллагаагаа эрхлэх болсонтойгоор харагдаж байна. Дотоодын хоол хүнсний үйлдвэрлэл гадаадын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар хурдацтайгаар өсөж байна.

Шинжлэх ухаан, технологи

1990-ээд оноос ардчилал хөгжснөөр Монгол улс нь технологийн салбараа хөгжүүлж эхэлжээ. Үүний үр дүнд нилээд олон тооны технологийн компаниуд үүсгэгджээ. Мөн Өмнөд Солонгос, Хятад зэрэг ойр орчмын орнуудын технологийн компаниуд Монголд салбараа нээж эхлэж байна. Мэдээлэл харилцааны ба интернетийн үйлчилгээ олгогч компаниуд ихэссэнээр интернет ба утасны салбарыг өрсөлдөөнтэй болгожээ. Үүнээс хамгийн өрсөлдөөнтэй нь үүрэн телефон утасны салбар бөгөөд одоо Монголын ихэнх нутгийг хамарч байна. Электроник ба механик аж үйлдвэрлэлтэй харьцуулахад программ хангамж нь Монголд үйл ажиллагаагаа эрхэлдэг Монголын ба гадаадын компаниудад түлхүү хөгжиж байна.

Хүн ам зүй

Монголын хүн ам зүй. Хүн ам нь мянгаар.

2007 оны 7 сарын байдлаарх Монгол улсын нийт хүн амыг АНУ-ын хүн ам тооллогын товчоо 2,951,786 [14] гэж үзэж байгаа бөгөөд энэ нь дэлхийд 138-д тооцогддог. Харин НҮБ нь хүн амыг 2,629,000[15] хэмээн тооцож байгаа (АНУ-ын хүн ам тооллогын товчооны тооцооноос 11%-р бага). Монголын Үндэсний Статистикийн Хороо хүн амыг 2,612,900 гэж тооцно.

Хоёр хөрш орон болох Хятад ба ОХУ-ын хүн амтай харьцуулахад маш өчүүхэн юм. Монголын хүн амын ихэнх хувийг Монгол гаралтай хүмүүс эзлэх боловч Казах, Тува, Тунгус үндэстнүүд бага хэмжээгээр бий. 2000 оны тооллогоор Монголын хүн амын өсөлтийг жилд 1.2% гэж тооцож байна[16]. Нийт хүн амын 59% нь 30-аас доош насны, үүнээс 27% нь 14-өөс доош насныхан байна. Энэ харьцангуй залуу ба хурдацтай өсөж байгаа хүн ам нь бусад хөгжиж байгаа орнуудтай адил эдийн засагт нь хүндрэл учруулах болжээ.

Хүн амын 40% нь Буддизм-Ламаизм шашинтай (Төвдийн Буддизмтай холбоотой), 30% нь шашингүй, 20% нь Бөөгийн шашинтай, 6% Христосын шашинтай, 4% нь исламын шашинтан.

Хөдөөны Монгол хүүхэд гэрийн өмнө

Нягтшил багатай Монгол улсын хүн амын нилээд хувь нь сүүлийн үеэс хотод амьдрах болжээ. Тал хувь нь Улаанбаатар ба аймгийн төвүүдэд амьдарч байна. Өрхүүд өвөл тосгонуудад, зун нь гэрт амьдрах хагас нүүдэлчин байдал нь хөдөө давамгайлж байна, гэхдээ бүтэн жилийн турш нэг газартаа байх газар тариалан эрхэлдэг өрхүүд ихэсч байгаа. Хүн амын 40% орчим нь нүүдэлчин, эсвэл хагас нүүдэлчин амьдралтай.

Хүн амын 85% нь Монгол үндэстэн бөгөөд үүн дотроос Халх ястан давамгайлна. Эдгээр ястнууд нь голдуу хэлний онцлогоороо л ялгагддаг. Монгол угсаатнуудын 90%-г Халх эзэлдэг. Үлдэх 10%-г Буриад, хойд хэсэгт Дөрвөд, зүүн талд Дарьганга зэрэг эзэлдэг. Түрэг угсаатнууд (Казах, Тува, Уйгур) Монголын хүн амын 7%-г эзлэх бөгөөд үлдэх хүн амд Тунгус үндэстнүүд, Хятадууд, Оросууд багтана. 1991 онд ЗХУ бутарч Монголд үзүүлж байсан тусламж дууссанаар ихэнх Оросууд Монголоос гарчээ.

 Хэл

Монгол улсын албан ёсны хэл нь Халх Монгол хэл бөгөөд энэ нь кирилл үсгийг хэрэглэдэг. Нийт хүн амын 90% нь энэ хэлээр ярьдаг ба улс даяар олон аялгатай. Баруун аймгуудад Казах ба Тува хэлнүүд бас яригддаг. Англи хэл нь Монголд хамгийн их яригддаг гадаад хэл, үүний дараа орос хэл орно. Энэ нь социализмын үед монголчууд Оростой харилцаа холбоо маш их байсантай холбоотой, харин 1990-ээд оноос хойш англи хэл нь хамгийн их яригддаг гадаад хэл болж байна. Албан ёсоор 18835, хараар 11081 монгол иргэн Өмнөд Солонгост ажиллаж байгаа (2010 оны 9 сарын 30-ны байдлаар) тул солонгос хэл[17] нь бас газар авч байна. Нөгөө хөршийн хэл болох хятад хэлийг хүмүүс сонирхох болж, залуучуудын дунд япон хэл ч бас түгээмэл болжээ. Насанд хүрсэн боловсорсон хүмүүсийн дунд социализмын үед суралцаж байсан герман, мөн бусад зүүн Европын хэлүүдийг мэдэх тохиолдол байдаг. Харин одоо бол залуу монголчууд нь баруун Европт ажиллаж суралцах болсон тул тэндэхийн хэлүүдийг төгс эзэмших болсон. Дэлхийн ихэнхи мэдээллийг агуулах болсон англи хэлийг улсын 2 дахь албан ёсны хэл болгох асуудал сүүлийн үед сөхөгдөх болжээ.

Монгол хэл нь Монгол хэлний бүлгийн хэлнүүдийн нэг. Монгол хэлний бүлгийг Алтай хэлний язгуурт хамааруулах нь элбэг бөгөөд энд түрэг, тунгус, бас заримдаа солонгос ба япон хэлнүүд багтдаг.

 Шашин шүтлэг

Төв Азийн нүүдэлчдийн адил бөөгийн шашин, мөнх тэнгэрийн шүтлэгийн төрлүүд одоогийн Монгол улсын нутагт түгээмэл байжээ. Эдгээрийг аажмаар Төвдийн Буддизм эзэмдсэн ч гэсэн бөөгийн мөргөл зэрэг нь Монголын шашны соёлд өөрийн ул мөрөө үлдээжээ. Одоо ч гэсэн үйлдэгддэг бөө мөргөлийн уламжлалуудын нэг бол овоо тахих ёслол юм.

20-р зууны үеэр коммунист засгийн газар нь шашны уламжлалт ёслол, үйлүүдийг зогсоож байжээ. Их Хэлмэгдүүлэлтийн үеэр Хорлоогийн Чойбалсангийн удирдлага доор Монголын ихэнх сүм хийдүүд ба лам нарыг хэдэн мянгаар нь хороож байжээ.

1991 онд коммунист засаглал унаснаар шашны эрх чөлөөтэй болж, коммунизмын өмнө гол шашин байсан Төвдийн Буддизм дахин сэргэж хамгийн түгээмэл шашин болжээ. Христосын шашин, Исламын шашин ч гэсэн дэлгэрч эхэлжээ. 21-р зуунд зарим судлаач, төрийн зүтгэлтэн нар Мөнх тэнгэрийн шүтлэгийг сэргэх асуудлыг хүчтэй тавих болжээ. 2006 онд Мөнх тэнгэр судлалын олон улсын хурлыг Улаанбаатарт зохион байгуулсан юм.


. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax