History

2011-05-01 - Монгол улс

Монгол улс нь далайд гарцгүй, зүүн ба төв Азийн орон юм. Хойд талаараа Оросын Холбооны Улс, өмнөд, баруун, зүүн талаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улстай тус тус хиллэдэг. Монгол улс нь хэдийгээр Казахстан улстай хил залгадаггүй хэдий ч Монголын баруун цэг ба Казахстаны зүүн цэг нь хоорондоо маш ойрхон байдаг. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Улаанбаатар бөгөөд нийт хүн амын 38 орчим хувь нь тэнд оршин суудаг. Монгол улс нь бүгд найрамдах улс бөгөөд нэг танхимт парламенттай. Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд.

Дунджаар далайн түвшнээс дээш 1,580 м өндөрт байрладаг. Нутгийн хойд ба баруун талаар 3 уулын нуруу буюу салбар уулс үргэлжилдэг: Алтайн нуруу, Хангайн нуруу, Хэнтийн нуруу. Зүүн ба өмнөд хэсэгт Говь цөл зонхилдог. Хөдөө аж ахуйн салбарт мал аж ахуй, үүн дотроос бэлчээрийн мал аж ахуй давамгайлдаг, голчлон улаан буудай тариалдаг. Нүүрс, төмрийн хүдэр, зэс зэрэг ашигт малтмалаар баян.

Одоогийн Монгол улсын газар нутагт дунд чулуун зэвсгийн үед анчид ба нүүдэлчдийн бүлгүүд оршин сууж байв. МЭӨ III зууны үед Хүннү гүрэн өнөөгийн Монголын нутагт төвлөн байгуулагдаж их гүрэн болжээ. МЭ IV-X зууны үед Түрэг хэлтнүүд амьдарч байв. 13-р зууны эхээр Монгол аймгуудыг Чингис хаан нэгтгэж төв Азийг эрхшээлдээ оруулжээ. 1234 онд түүнийг Өгэдэй хаан үе залгамжилж, дараа нь 1279 онд Чингис хааны ач болох Хубилай хаан Юань гүрнийг Хятадад байгуулсан байна. Юань гүрэн унасны дараа XIV зууны үеэс Монголчууд тал нутагтаа эргэн суух болж хуучны амьдралдаа эргэн оржээ. 1604-34 онд захирсан Лигдэн хаан Манжуудын эсрэг Монголчуудыг дахин нэгтгэхийг оролдсон боловч түүний нас барсны дараагаар Чин улсын эрхшээлд оржээ. 1911 онд Чин улс унаснаар Оросын дэмжлэгтэйгээр Монгол тусгаар тогтнолоо зарлаж Богд хаант Монгол улс болсон хэдий ч 1921 он хүртэл де факто тусгаар тогтнол, 1945 он хүртэл гадаадын улс орнуудаар хүлээн зөвшөөрөгдөх гэж ихэд тэмцсэн. ЗСБНХУ байгуулагдсаны дараа тэдний дэмжлэгтэйгээр 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал-ыг эхлүүлж 1924 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулсан бөгөөд ЗХУ-ыг бүх шатанд дагах болж, нөлөөнд нь оржээ. 1990 онд социалист засаглал унаж, ардчилал гарсан. Үүний дараагаар олон намын тогтолцоотой болж, 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталж, зах зээлийн эдийн засагтай болсон.

Монгол улс бол газар нутгаараа дэлхийд 18-т бичигддэг боловч хүн амын нягтшилаараа хамгийн бага. Мөн далайд гарцгүй орнуудаас Казахстаны дараа хоёрт бичигдэнэ. 2.6 сая хүн амын 30 орчим хувь нь нүүдэлчин, эсвэл хагас нүүдэлчин амьдралтай. Монголын зонхилох шашин бол Төвдийн Буддизм. Хүн амын ихэнх хувийг Монгол үндэстэн эзэлдэг ч голдуу баруун талаараа Казах, Тува үндэстнүүд амьдардаг.


. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax